“Эмчлэгдэх боломжгүй” гэж оношлогдсон хүүхдүүд эдгэрчээ
Цусны хавдрын эмчилгээнд шинэ эрин эхэлж байна

Анагаах ухааны салбарт түүхэн дэвшил болж, өмнө нь эмчлэгдэх боломжгүйд тооцогдож байсан цусны хавдрын зарим хэлбэрийг генийн шинэ эмчилгээний аргаар эдгээж чадсан талаар эрдэмтэд мэдээллээ.
Их Британийн эрдэмтдийн боловсруулсан энэхүү арга нь донороос авсан цагаан эсийн ДНХ-г засварлан хавдрын эсүүдийг устгах чадвартай “амьд эм” болгон хувиргадаг онцлогтой. Шинэ эмчилгээгээр Т-эсийн лейкеми өвчтэй есөн хүүхэд, хоёр насанд хүрэгчнийг эмчилсэн бөгөөд ихэнх өвчтөнд өвчин бүрэн намжсан байна. Долоон хүн нь эмчилгээ хийлгэснээс хойш гурван жилийн дараа ч өвчний шинж тэмдэггүй хэвээр байгаа аж.
Энэхүү эмчилгээг анх 2022 онд 13 настай Алисса Тапли гэх охинд хэрэглэж байсан бөгөөд тэрээр өнөөдөр хавдраас бүрэн ангижирчээ. Өдгөө 16 настай болсон Алисса “Нэгэн цагт боломжгүй гэж бодож байсан зүйлсээ хийж чаддаг болсон. Ирээдүйд эрдэмтэн болж, бусад хүүхдэд туслах шинэ нээлтийн нэг хэсэг болохыг хүсдэг” хэмээн ярьсан байна.
Судалгааг удирдсан эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү технологи нь зөвхөн цусны хавдраар хязгаарлагдахгүй, ирээдүйд олон төрлийн хүнд өвчнийг эмчлэх боломжийг нээж магадгүй аж.
Хэдхэн жилийн өмнө шинжлэх ухааны уран зөгнөл мэт сонсогдож байсан энэхүү эмчилгээ өнөөдөр олон хүний амьдралыг аварч, анагаах ухааны шинэ хуудсыг нээж байна.