Сайн Мэдээ
Мягмар, VIII сарын 11

Өнөөдөр

Шиврээ+21°

Маргааш

Үүлтэй+24°

Нөгөөдөр

Шиврээ+25°
Мэдээ2026.08.10

COP16-ийн 12 тэрбум ам.долларын амлалт хаана хүрэв?

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17 2026 оны наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотноо болно. Тус хуралд конвенцын 197 талын төлөөлөл, төр засаг, бизнес, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид оролцохоор хүлээгдэж байна.

Мэдээний зураг

COP16-аас COP17 хүртэл

Өмнөх COP16 2024 оны арванхоёрдугаар сарын 2–13-нд Саудын Арабын Эр-Рияд хотод болсон. Энэ нь UNCCD-ийн түүхэн дэх хамгийн том хурлын нэг болж, 20 мянга гаруй хүн оролцсон юм.

COP16-ийн үеэр цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг арга хэмжээнд 12.15 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарласан. Үүний 10 тэрбум ам.долларыг Arab Coordination Group, эхний 2.15 тэрбумыг Саудын Араб, Исламын хөгжлийн банк болон OPEC Fund зэрэг байгууллага амласан байна.

Гэхдээ 12.15 тэрбум ам.доллар нь COP16 дуусмагц нэг дор шилжүүлсэн мөнгө биш. Олон улс, санхүүгийн байгууллагын хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт үе шаттай оруулах санхүүжилтийн амлалтын нийлбэр юм.

2026 оны байдлаар энэхүү 12.15 тэрбум ам.долларын амлалт бүхэлдээ бодитоор олгогдож, зарцуулагдсан гэдгийг нотлох нэгтгэсэн эцсийн тайлан нийтэд ил болоогүй байна. Харин COP16-аар байгуулагдсан Riyadh Global Drought Resilience Partnership бодит бүтэцтэй болж эхэлжээ. 2025 онд тус түншлэлийн удирдах хороо байгуулагдаж, UNCCD нарийн бичгийн дарга нарын газрыг Бонн хотод ажиллуулахаар, санхүүжилтийг НҮБ-ын Multi-Partner Trust Fund-аар удирдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд одоогоор бэлтгэл шатандаа байна. COP16-ийн шийдэж чадаагүй асуудлыг Монголд үргэлжлүүлнэ COP16-аар дэлхийн улс орнууд гангийн эсрэг хамтын ажиллагааг хүчтэй болгох шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн ч олон улсын шинэ эрх зүйн тогтолцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадаагүй. Үүнийг COP17 хүртэл үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон.

Иймээс Улаанбаатарын COP17 нь өмнөх хурлын үргэлжлэл төдийгүй COP16-д өгсөн амлалт бодит ажил болсон эсэхийг дүгнэх чухал цэг болж байна. COP17-оор газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт, ус, бэлчээр ба малчид, хүнсний систем, хөрсний эрүүл мэнд болон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал наймдугаар сарын 25-нд гангийн тэсвэржилтийн асуудлаарх сайд нарын түвшний хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Гол асуулт: COP16 дээр амласан 12.15 тэрбум ам.долларын хэд нь бодитоор санхүүжилт болж гарсан бэ? COP17 эхлэхийн өмнө энэ асуултын хариулт онцгой ач холбогдолтой. Учир нь олон улсын хурлын амжилтыг зарласан амлалтын хэмжээгээр бус, амлалт бодит төсөл, санхүүжилт болон хэрэгжсэн эсэхээр хэмжих учиртай.

Дараагийн унших

Холбоотой мэдээ